Улс төр

С.Чинзориг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтыг зөрчиж байна

chinzorig

-ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД ХҮНИЙГ ШАШИН ШҮТЛЭГ, ҮНДЭС УГСАА, НУТГАРХАХ ҮЗЭЛ, УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БОДЛООР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ҮЛ БОЛНО ГЭЖ ЗААЖЭЭ-

Манай улсад төрийн албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь хавчин гадуурхах үзэгдэл амь бөхтэй оршсоор байна. Засгийн эрх, яам тамгын газрын удирдлага хэний гарт орно түүний улс төржилт бүх л шийдвэрт ногоон гэрлээр үйлчилнэ. Тухайн даргын хувьд хэнийг халж, хэнийг солих нь дурын хэрэг. МАН засгийн эрх барих хугацаанд ардчиллыг дэмжигчдийг “хог дээр үсэргэсэн”-члэн Ардчилсан нам ч ялгаварлалтаас ангид байж чадаагүй жишээ олон. Хэдийгээр төрийн албан хаагч улс төрийн намын харъяалалд байх эрхгүй ч бодит амьдрал дээр намын харъяалалтай хүмүүс л төрийн эрх бүхий байгууллагуудад “амь зогоож” байгаа нь үнэн билээ.

УИХ дахь намууд засаг хамтран барьж эхэлснээс хойш бүх яам, тамгын газрыг хувааж мэдэлдээ авсан. Тэнд мөн л улс төрийн үзэл бодлын алагчлал, хавчин гадуурхалт үргэлжилж буй жишээ олон байна. Энд Хөдөлмөрийн яамны жишээг дурдъя. Энэ сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалаар 21 аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Ийнхүү албан хаагчдыг олноор нь хомроглон халснаа тус яамны төлөөлөгч “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын дийлэнх нь түр орлон гүйцэтгэгч байсан. Төрийн албаны хуульд нийцүүлэхийн тулд түр орлон гүйцэтгэгч нарыг чөлөөлж, сонгон шалгаруулалт зарласан” гэж тайлбарлаж буй юм.

Ийнхүү “Сонгон шалгаруулалт зарласан” гэх нэрээр Ардчилсан намын угшилтай хүмүүсийг албан тушаалаас нь зайлуулсаар байгаа аж. Тухайлбал, Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга н.Төртайваныг энэ л аргаар албан тушаалаас нь чөлөөлжээ. Орных нь хүнийг аль хэдийнэ томилсон мэдээлэл ч байна. Өөрөөр хэлбэл, Дорнодын Хөдөлмөрийн хэлтсийн даргаар УИХ-ын гишүүн асан Д.Одбаярын хүн гэгддэг н.Энхцэцэг гэх эмэгтэйг томилохоор бэлдсэн байгаа аж.

Мөн Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон юм. Гэхдээ Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо жинхлээгүй, түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Үндсэндээ 2.5 жилийн хугацаанд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгч байсан аж. Үүнтэй холбоотойгоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд мөн жинхлэгдэж чадалгүй өнөөдөртэй золгон чөлөөлөгдсөн нь энэ бололтой.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлыг сургалтын албаны даргад, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарын ажлыг ахлах мэргэжилтэнд нь түр хариуцуулаад буй юм байна. Ардчилсан намын харъяаллын гэж үзсэн албан хаагчдыг ингэж үй олноор нь халснаараа Хөдөлмөрийн сайд үндэсний эв нэгдлийг хагалган бутаргах, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтуудыг маш ноцтой зөрчиж байна гэж үзэж буй хүн олон байгаа юм.

Өмнө нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам ч 20 гаруй албан тушаалтнаа мөн л улс төрийн ялагаврлан гадуурхалтын хүрээнд халж сольсон талаар хэвлэлээр мэдээллэж байв.

Үе үеийн засгийн газрын үед иргэд төрийн албанд орж хэдхэн сар ажиллаад, улс төрийн үзэл бодлоороо ялгаварлан гадуурхагдаж хохирсон жишээ энэ мэтчилэн тоймгүй. Гэтэл шүүх хяналтын байгууллагаас улс төрийн үзэл бодлоороо гадуурхагдан, золиос болсон иргэдийн гомдлыг 100 хувь барагдуулж байсан тохиолдол бараг үгүй юм байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд “Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой.

Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжинд байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй” хэмээн заасан байдаг. Гэвч бодит амьдрал дээр эдгээр эрх зөрчигдөхийн дээдээр зөрчигдөж, улмаар үндэсний эв нэгдлийг хагалган бутаргах хэмжээнд хүргэж байгаагийн жишээг намын төлөөлөл болсон сайд, дарга нар тодорхой харуулсаар байна.

Хэдийд монголчууд бид энэ их дүвчин улс төржилтөөс ангижирч, айдасгүй, амар жимэр, ажилтай орлоготой амьдрах юм бол…

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close