УрлагЦахим сенсаци

А.Туяа: Би чөлөөт уран бүтээлч болохоор шийдсэн

tuyaaХошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг, “Х-Түц” хамтлагийн жүжигчин А.Туяаг өндөр нуруу, гал цогтой харц, ялдам инээмсэглэлээс нь эхлээд анхаарч харахгүй байхын аргагүй. Төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй түүнтэй уулзаж, ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

Н.ОНОН АХ, И.ОДОНЧИМЭГ ЭГЧИЙГЭЭ ХҮНДЭЛДЭГ. ТИЙМЭЭС ӨӨДӨӨС НЬ МАРГАЖ, МУУДАЛЦААД БАЙДАГГҮЙ

-Сүүлийн үед хэвлэлүүдээр таныг “Х-Түц” хамтлагаасаа гарсан гэх мэдээлэл гарах боллоо. Үнэхээр хамтлагаасаа гарч байгаа юм уу?

-Хамтлагаасаа гарсан нь үнэн. Чөлөөт уран бүтээлч болохоор шийдсэн. Энэ бол өнөөдөр шийдсэн асуудал биш. 2-3 жилийн өмнөөс бодож байсан ч хамтлагаасаа гаръя гээд гарчихаагүй. Хамтлагийнхантайгаа ярилцаж, урьдаас хэлж байж шийдсэн асуудал юм. Би залуу байна. Өөр зүйлд өөрийгөө хүч сорьж үзэхийг хүссэн. Хошин урлагт би их биш ч тодорхой хугацаа өнгөрүүлжээ. Тиймээс өөрийгөө өөр талаас нь харж, сорьж, туршиж үзэхийг л хүссэн юм. Нөгөөтэйгүүр боловсролдоо анхаарч дахиад сурах тухай бодоод амжсан.

-Та хамтлагтаа хэр удаан байсан билээ? Өмнө нь өөрийг чинь жүжигчин Н.Онон, И.Одончимэг нартай муудалцаж байсан гэх зэрэг мэдээллүүд цацагдаж байсан санагдана?

-“Х-Түц” хамтлагтаа 7 жил болсон байна. Хоёр дахь гэр орон минь гэж би боддог. Энэ хамтлагаас би маш олон зүйл сурсан. Би мундаг хүмүүсийн дунд, сайхан хамт олонтой байсан гэж боддог. Уран бүтээл хийх явцад уран бүтээлээсээ болж маргана, үзэл бодол зөрчилдөх зүйлс байлгүй яахав. Би  Н.Онон ах, И.Одончимэг эгчийгээ хүндэлдэг. Тиймээс өөдөөс нь маргаад, муудалцаад байх зүйл байхгүй.

-“Single Ladies” уран сайхны кино үзэгчдийн таашаал хүртсэн. Ижил төрлийн кинонуудаасаа өөр өнгө аястай сайн кино болсон хэмээн уран бүтээлчдээс ч мөн магтаал хүртээд байгаа. А.Туяагийн хуьд кино урлагт илүү тохирох юм биш үү гэж хэлэх нь ч бий. Кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?

-“Single Ladies” кино маань үзэгчдэд таалагдаж, маш сайхан хүлээж авсан. Мэдээж би уран бүтээлч хүн учраас кино урлагт хайртай. Үнэхээр сонирхолтой санал ирээд, зохиол нь надад ирвэл тоглох болно гэж бодож байгаа. Кинонд тоглох санал ирдэг. Одоогийн байдлаар зун хийгдэх нэг киноны тухай яригдаж байна. Гэхдээ энэ тухай дэлгэрэнгүй ярих болоогүй байгаа учраас түр нууцлачихъя.

-Урлагийн хүмүүс маркетингийн ажилд илүү авьяастай нь харагддаг. Жүжигчин А.Туяа урлагийнхаа хажуугаар өөр салбарт ажиллаж үзье гэж бодож байв уу?

-Яагаад болохгүй гэж. Маркетингийн салбарт жүжигчин хүн олон давуу талаа ашиглах боломжтой гэж боддог шүү. Жүжигчнийхээ хажуугаар өөр салбар сонирхолгүй яахав. Би залуу байна. Нэг өдөр би аль нэг компанийн маркетингийн ажилтан болохыг үгүйсгэх аргагүй.

-Чөлөөт уран бүтээлч гэхээр А.Туяагийн хувьд урлагийн аль ч салбарт хүч үзэхэд бэлэн гэсэн үг үү?

-Уран бүтээлч хүн ямар нэг зүйлд баригдахгүй байх тусмаа хөгждөг. Тиймээс би чөлөөт уран бүтээлч болсноороо хошин урлаг, драм, кино урлаг гээд хаана ч тоглож болно. Ямар нэгэн зүйлд баригдмааргүй байна. Надад ирэх саналуудыг харж байгаад л хаана би өөрийгөө нээж чадах вэ гэдгээ харж байгаад өөрийгөө сорьж үзнэ. Хошин урлагийн хамтлагаасаа гарсан юм чинь одоо хошин урлагт тоглохгүй гэсэн ойлголт байхгүй.

БИ БҮТЭН НҮЦГЭЛЖ ЗУРАГ АВАХУУЛЖ БАЙГААГҮЙ

-Залуухан бүсгүйгээс асуудаг асуултын нэг бол яах аргагүй “Найз залуутай юу” гэх асуулт. Гэр бүлтэй болох талаар төлөвлөж байна уу?

-Найз залуу байхгүй. Гэхдээ энэ жилээс хувийн амьдралдаа түлхүү анхааръя гэж бодож байгаа. Цаг зав ч гарч байна. Уран бүтээлдээ их анхаардаг байсан учраас хувийн амьдралдаа төдийлөн анхаардаггүй байсан. Одооноос харин хувийн амьдралдаа анхаарч, төлөвлөх цаг нь болсон гэж бодож байгаа шүү.

-Урлагийн хүний ар гэр гэдэг хамгийн чухал хэмээн уран бүтээлчид ярьдаг. Таныг өнөөдрийг хүртэл дэмжиж ард талд тань байдаг гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Тэгэлгүй яахав. Би эхээс дөрвүүлээ. Нэг эгч, хоёр дүүтэй. Аав минь геологич мэргэжилтэй. Ээж минь геофизикч мэргэжилтэй. Одоо тэтгэвэртээ гараад, гэртээ ач зээгээ тойруулаад л сууж байна даа. Ээж аав, эгч, дүү нар маань намайг дэмжиж, өнөөдрийг хүртэл миний найдвартай ар тал байгаад баярладаг.

-Загварын тайзан дээр алхах санал ирвэл хүлээж авах уу?

-Нэг удаа алхаад өнгөрөх бол байж болох л юм. Хүнд өөрийн хүсэл сонирхол гэж бий. Загварын ертөнц бол миний сонирхол биш.

-Хэвлэлээр гарч буй сөрөг мэдээллүүдэд хэрхэн ханддаг вэ?

-Одоогийн нийгэм бүгдийг шүүмжилдэг болчихож. Хүн бүр л нэгнээ өөнтөглөж, шүүмжилж байхад тэр дунд орохыг хүсдэггүй. Аль болох мууг сонсохыг, уншихыг боддоггүй. Би эерэг байдлыг өөртөө бий болгож бусдад ч мөн тийм байдал бий болгохыг хүсдэг. Тийм болохоор хэвлэлээр миний тухай юу гэж бичсэн байна вэ гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Заримдаа эмзэглэмээр зүйлс биччихсэн л байдаг.

А.Туяаг нүцгэн зургаа авахууллаа гэх шүүмжилдэг?

-Playboy сэтгүүлд авахуулсан зургийг хэлж байгаа байх л даа. Би бүтэн нүцгэлж зураг авахуулж байгаагүй. Хүмүүс намайг секси, ялдам болох гэж хичээдэг гэж л ойлгодог юм шиг. Би залуу эмэгтэй хүн. Залуу, сайхан байгаагаа бусдаас нууж явах ёстой биш шүү дээ. Манайхан барууны бүсгүйчүүдийг хараад магтаж, сайшаадаг мөртлөө монгол бүсгүйчүүдийг хараад өөрөөр хэлж, ярьцгаадаг. Нийгмийн өөрсдийнх нь хүлээж авах чадвар нь тэгж харагдаж байгаа юм уу даа. Түүнээс би бусдын өмнө ялдам, янаг бүсгүй болох гээд хичээгээд, жүжиглээд байгаа юм биш. Юу өмсөж зүүхээ бусдаар шүүмжлүүлэх гэж амьдарна гэж юу байхав.

-Чөлөөт уран бүтээлч болохоор шийджээ. Юм юм руу ханцуй шамлаад ороход бэлэн л байгаа байх. Ирээдүйн төлөвлөгөөг тань сонирхъё?

-Юутай ч шинэ уран бүтээлийн ажилдаа орох гэж байна. Мөн миний сонирхлыг татаж байгаа нэг салбар бол телевизийн салбар. Ток шоу хөтлөх ч юм уу. Бодож, төлөвлөж л байна. Гэхдээ бүхнийг урьдчилан мэдэх аргагүй. Ирээдүйд намайг ямар уран бүтээл, ямар салбар хүлээж байгааг тааварлах боломжгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close