Мэдээ

Моннис компани Япон брэнд хэмээн Хятадаас машин оруулж ирдэгийг О.Магнай баталжээ

 Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан мотор ” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч болох Моннис компани хульхи машин буюу Хятад улсад үйлдвэрлэсэн машин шахдаг гэсэн яриа энэ оны эхээр нэлээд шуугиан дэгдээсэн билээ.

Тухайлбал иргэн С.Бауаржан тус компанийн 2008 оны долоодугаар сарын 1-нд Үйлдвэр худалдааны яаманд худалдагдсан “Nissan Teаnа” маркийн УБТ-0693 улсын дугаартай авто машиныг нэгэн иргэнээс 2012 оны 12 дугаар сарын 9-нд худалдан авчээ. Ингээд уг машинаа Казахстан улсад амьдардаг ах дүү нартаа борлуулахаар тус улсын гаалиар ороод гаалийн бүрдүүлэлт хийх гэтэл дээрх машиныг нь “Nissan” брэндийн авто машин биш байна хэмээн улмаар түүнийг хулгайн машин буюу контробандын хэрэгт сэжиглэн цагдан хорих дээрээ тулжээ.

Тиймээс дээрх машины үнэн учрыг олохоор С.Бауаржан нутагтаа ирж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 21-нд “Моннис моторс” компанийн ерөнхий менежер Д.Алтангэрэлээр уг машины бүртгэлийг шалгуулахаар болсон байна. Ингэхдээ тэрбээр Монгол Улсын “Моннис моторс” компанийн оруулж ирсэн “Nissan Teana” маркийн машин “Үнэн” болохыг гэрчилсэн бичиг авахыг хүсчээ. Гэтэл тус газар цааргалсаар өнөөг хүрсэн байна.

Эцэстээ тэрээр энэ хэргийг шийдүүлэхээр ШӨХТГ-т ханджээ. Харин энэ хэргийн талаар тус газрын дарга О.Магнай хэвлэлд өгсөн ярилцлагадаа Моннис дээрх хэрэглэгчийн гомдол гаргасан машин Хятадаас машин оруулж ирсэн болохыг баталжээ.

О.Магнай хэлэхдээ “Иргэний хүсэлтээр тус газарт шалгалт хийхэд иргэн Б-гийн бусдаас худалдан авсан “Ниссан теана” маркийн автомашин 2008 онд БНХАУ дахь “Ниссан”-ы албан ёсны эрх бүхий “Донг фэн мотор” компанид үйлдвэрлэгдэн, 2008 оны тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын гаалийн хилийн нэвтрэх барааны мэдүүлгээр Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирсэн нь тогтоогдсон. Улаанбаатар хот дахь Гаалийн газраас авсан мэдүүлгээр “Моннис моторс” компани нь Япон, Энэтхэг, АНУ, Тайланд зэрэг улсуудаас “Ниссан” маркийн автомашиныг импортлон худалдаалах албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын зах зээлд нийлүүлдэг юм байна. Хяналт, шалгалтаар “Моннис моторс” компани нь ямарваа нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь тогтоогдсон. Иргэн Б нь “Моннис”-оос автомашинаа шууд худалдаж аваагүй, гурав дамжуулж худалдаж авсан байсан” гэж хэлжээ.

Ямартаа ч машины талаар гомдол гаргасан хэрэглэгч үүнийг анх худалдан авсан, аваагүй гэдэг нь чухал биш харин албан ёсны эрхтэйгээр борлуулдаг “Моннис” компани урд хөршид үйлдвэрлэсэн машин оруулж ирсэн гэдгийг ШӨХТГ-аас баталжээ.

Эх сурвалж: www.dorgio.mn

Show More

Related Articles

1 thought on “Моннис компани Япон брэнд хэмээн Хятадаас машин оруулж ирдэгийг О.Магнай баталжээ”

  1. Nissan bol ugaasaa hudlaa gazar sh dee dandaa l china-s mashinaa avdag 90 huviig ni shahuu

Leave a Reply

Your email address will not be published.

Close