НийгэмЭдийн засаг

Ам.долларын ханш цаашид буурна

Он гарсаар эрчимтэй өсч байсан ам.долларын ханш өчигдрийн байдлаар 1953 төгрөгтэй тэнцэв. Монголбанкны зарласан ханшаар 1947 төгрөгтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны зах дээр 1954 төгрөгтэй тэнцэж байсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар ам.доллар 1990 төгрөгт хүрсэн, түүнээс хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна.

-ВАЛЮТЫН ОРОХ УРСГАЛ АМ.ДОЛЛАРЫН ХАНШИД НӨЛӨӨЛЖ БАЙНА-

Засгийн газар валютын урсгал орж ирэх сувгуудаа яаралтай сайжруулах хэрэгтэй байгааг эдийн засагчид онцолж байлаа. Одоогийн ханш бол эдийн засгийн суурь нөхцөл байдлыг шууд харуулж буй. Цаашид валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр ам.долларын ханш тогтворжих боломжтой. Сар орчмын өмнө 1990 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханшид ХХБ-аас гаргасан бондын хагас тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлэгдэх цуурхал багагүй нөлөөлж эхэлсэн. Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд худалдаж авснаар өнөөдөр банкуудад 800 сая ам.долларын үнэ бүхий үнэт цаас байна. Энэ нь Засгийн газрын баталгаатай бонд бөгөөд Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларыг нь мөнгө болгосон төдийгүй дахин 300 сая ам.доллар гаднаас оруулж ирэх боломжтой юм байна. Оны өмнөхөн энэхүү таамаг яригдаж байсан нь биеллээ олж байгаа билээ. Мөн “Tranding economics” судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар “Оны эхний улиралд ам.доллар 1963 төгрөгтэй хэлбэлзэнэ, оны 2-р улиралд 1923 төгрөг хүртлээ буурч гурав, дөрөвдүгээр улиралд 1885 төгрөг хүртлээ буурах төлөвтэй байна” гэсэн байна.

-ЦААШИД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИНО

Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас ам.долларын ханшийн талаар тодрууллаа.

-Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөгт хүрч байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн нэг сард бараг 50 төгрөгөөр чангараад байна. Ханш ийнхүү чангарах болсон нь ямар шалтгаантай вэ?

-Үүнийг бид нэгдүгээрт Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд бий болсон макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт, хоёрдугаарт зах зээлд бий болсон нааштай хүлээлтийн үр дүн гэж харж байна. 2015 он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарлаа. Тухайлбал, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 3-р сарын эцэст 9.3 хувьд хүрч 2014 оны эцсээс 1.7 хувиар буурсан бол урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 106%-иар буурсан байна. Өмнөх 3 жилийн статистикаас харахад Монголбанк дуудлага худалдаагаар сард дунджаар 110.0 сая ам.долларыг валютын захад нийлүүлж байсан байна. Харин энэ 4-р сард Монголбанк валютын захад 8.6 сая ам.доллар нийлүүлсэн бөгөөд дуудлага худалдаанд банкууд Монголбанкинд ам.доллар худалдах саналаар оролцох байдал давамгайлсан юм. Өөрөөр хэлбэл, валютын зах дахь эрэлт нийлүүлэлтийн хэмжээ Монголбанкны интервенцийн оролцоогүйгээр тэнцвэржиж ирж байна. Түүнчлэн дэд хөтөлбөрүүдийн арга хэрэгслийг зах зээлийн нөхцөлд үе шаттайгаар шилжүүлэн, УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын дагуу 2015 оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт шилжүүлэх ажлыг Сангийн яам, бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь мөнгөний зах дахь төгрөгийн илүүдэл нөөцийг бууруулж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэнээр валютын ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүлж байна.

-Цаашид ханшийн динамик хэрхэн өөрчлөгдөх бол?

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш цаашид тогтвортой байх нөхцөл бүрдсэн.

Т.БАТСҮРЭН

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close