Улс төр

Далд уурхайн бүтээн байгуулалтын талаар гишүүд юу хэлэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ууд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан.

Далд уурхайн бүтээн байгуулалт нь 2013 оны наймдугаар сараас түр зогсоод байсан бөгөөд хоёр тал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар олон удаа санал солилцож, уулзсаны үр дүнд тохиролцоонд хүрчээ.

Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах зарчмаа тодорхой болгов. Хоёр тал маргаантай байсан татварын асуудлаа шийдэн, Оюутолгой компаниас улсын төсөвт 30 сая ам.долларын татвараа төлж, цаашид ажлын байр нэмэгдүүлэн, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Монголын эдийн засагт дорвитой нөлөө үзүүлж гаднын шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд түлхэц болно гэж төслийн удирдагчид тайлбарлаж буй. Тэгвэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлгөөнд гарын үсэг зурсанд УИХ-ын зарим гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

А.Тлейхан: Монгол Улсын эрх ашигт халтай зүйл ажиглагдаагүй

– Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал 2009 онд яригдаж УИХ-аас Төрийн бодлого гаргасан.  Бодлогын хүрээнд эхлээд нэг сая тонн зэс гаргасан.  Харин одоо далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Энэ асуудлаар гурван жил маргалдаж шийдлээ олохгүй байсан ч Ерөнхий сайд Дубайд айлчлах үеэрээ далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхэлье хэмээн төлөвлөгөө боловсруулаад ирлээ. Үүнийг гэрээ гэнэ үү, төлөвлөгөө гэнэ үү далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх эрхийн акт болж гарсан. Миний бодлоор тус гэрээнд Монгол Улсын эрх ашигт халтай зүйл ажиглагдаагүй. Харин Монгол Улсын нэр хүндийг өсгөх, гаднын хөрөнгө оруулалтыг татах, зээлжих зэрэглэл нэмэгдэнэ гэсэн өндөр ач холбогдолтой гэж харж байна. Манай намын бүлгээс энэ асуудлаар ажлын хэсэг гарч судалгаа хийж байгаа. Судалгааны дүнгээс харахад ноцтой зүйл харагдаагүй. Эцэст нь Оюутолгойтой холбогдуулж Засгийн газрыг унагах болон гарах талаар манай бүлэг дээр яригдаагүй.

Оюутолгойтой холбогдуулж Засгийн газрыг унагах болон гарах талаар манай бүлэг дээр яригдаагүй

Н.Батцэрэг: Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн  ажлын хэсэг томилно

– “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдыг урьж Дубайд зурсан Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар нэмэлт мэдээлэл, тодруулга, тайлбар авлаа. Оюутолгой төсөл өөрөө өргөн цар хүрээтэй сэдэв. Монголын нийгэмд сүүлийн хэдэн жил эрчимтэй яригдаж байна. Цаашид ч яригдах нь гарцаагүй. “Эрдэнэт”-ээс хойш энэ мэт том орд дээр ажиллаж байгаагүй учир бидний хувьд шинэ зүйл байж, туршилга дутсан байх. Тиймээс Оюутолгойн асуудлаар ойлголтоо нэгтгэх, мэдээллээ жигдлэх, эргэлзээгээ тайлах зэрэг олон шаардлага бий болсон учир Ерөнхий сайдтай нэг цаг 30 минут ярилцаж, дэлгэрэнгүй тайлбар авлаа. Цаашид мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн  ажлын хэсэг томилж, дүгнэлт гаргуулна. Мэдээж судлуулах нь мэдлэгт ч хэрэгтэй.

Оюутолгой төсөл өөрөө өргөн цар хүрээтэй сэдэв

       УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Засгийн газраас гарах тухай огт яригдаагүй

– МАН-ын бүлэг дээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар Засгийн газраас гарах тухай огт яригдаагүй. Харин энэ нь гэрээ юу, төлөвлөгөө юу гэдэг дээр тодорхой хүмүүс ажиллаж, дүгнэлтээ гаргаж байна. Мэдээж аль нь ч бай Монгол Улсын эрх ашигт хэрхэн нийцсэн бэ гэдэгт дүгнэлт өгөх нь гарцаагүй.

Гэрээ юу, төлөвлөгөө юу гэдэг дээр тодорхой хүмүүс ажиллаж, дүгнэлтээ гаргана

О.Баасанхүү: Төлөвлөгөө гэсэн халхавчаар эх орноо барьцаанд тавьсан

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэсэн гоё нэр өгөх хэрэггүй. Техник, эдийн засгийн үндэслэлийг засвартай оруулж ирсэн. Далд  уурхайн бүтээн байгуулалтыг техник, эдийн засгийн үзүүлэлтгүйгээр шууд төлөвлөгөө гэсэн халхавчаар эх орноо барьцаанд тавиад ирлээ. Монгол Улсын лицензийг гаднын банкинд барьцаалж өнөөдөр бид нийт 11  тэрбум ам.долларын өрөнд орлоо.

Эдийн засгийн үзүүлэлтгүйгээр шууд төлөвлөгөө гэсэн халхавчаар эх орноо барьцаанд тавиад ирлээ

“Шударга ёс” эвслийн бүлгийн ээлжит бус хурлын үеэр Ерөнхий сайд Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Бүлэг ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

– Бид өчигдөр энэ л асуудлуудыг ярьж, Ерөнхий сайд Төр болон эрх мэдлийг хууль бусаар ашигласан гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс “Шударга ёс” эвслийн бүлэг мэргэжлийн хүмүүсээр нарийвчилсан дүгнэлтийг гаргах нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг гаргаад байна.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close