Улс төр

С.Чинзориг: Үйлдвэрлэлийн орчинд гарсан ослын хохирлыг ажил олгогч хариуцна

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн хугацаанд салбарынхаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч хэд хэдэн тулгуур хуулиудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлсэн билээ. Тэдгээрийн нэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ сарын 14-нд баталсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага юу байсан хийгээд чухам ямар заалтууд нэмэгдсэн талаар  Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцсон юм.

Мэдээллийн эхэнд С.Чинзориг сайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл юу байсныг тайлбарласан.

Тэрбээр “Монгол Улс 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болохоос өмнө Хөдөлмөрийн тухай хуулиар энэ чиглэлийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг байсан. Бие даасан хуультай болсноор ХАБЭА-н чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр төлөвшиж, нааштай ахиц өөрчлөлт гарсан гэж үздэг. Гэвч өнөөгийн түвшингээс аваад үзэхэд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, ХАБЭА-н шаардлага, хэм хэмжээг олон улсын түвшинд ойртуулж, олон талын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хуульчлах, ажил олгогч, ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлагууд гарсаар байгаа юм. Ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралт дорвитой буурахгүй байна.”гэлээ.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралт дорвитой буурахгүй байна

Хууль хэрэгжиж эхэлснээр юуны өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  бүтэц, ажилтан, зөвлөл бий болж, тэдгээрийн гүйцэтгэх чиг үүрэг,  ажиллах нөхцөл боломж бүрдэж, салбарын болон орон нутгийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, чиглэл, ажлын уялдаа холбоо сайжирна гэж үзэж буй юм. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг зориулалтаар зарцуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин сайжирна.  Түүнчлэн үйлдвэрлэлийн орчинд гарсан ослын хохирлыг ажил олгогч хариуцахаар тусгажээ.

Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин сайжирна

Эдгээр үр дүнд хүрэхийн тулд хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавих ёстой бөгөөд үүний тулд ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэд хэдэн журам, жагсаалтыг шинээр болон шинэчлэн гаргах юм байна.

Манай Улсад 2015 оны эхний дөрвөн сарын байдлаар үйлдвэрлэлийн ослын 81 тохиолдол бүртгэгдэж, 84 хүн осолд өртөж, найман хүн ослын улмаас амь насаа алджээ. Мөн Уул уурхайн салбарт гарсан 13 осол улсын хэмжээний ослын 16 хувийг эзэлж байна.

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close