Сэрэмжлүүлэг

Мансууруулах төрлийн бодис хэрэглэх хүүхдийн тоо хоёр дахин нэмэгджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хууль зүйн сайд С.Бямбацогтоор ахлуулсан Үндэсний хороог байгуулсан.

Уг хорооны гишүүнээр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга зэрэг төрийн 10 гаруй байгууллагын удирдлагууд ажиллаж байгаа юм.

Улсын хэмжээнд сүүлийн арван жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөд эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагджээ.

Хууль зүйн сайд С.Бямбацогт, Цагдаа, хил, гаалийн байгууллагын мэдээллээс үзэхэд Монгол Улсад мансууруулах бодисын хууль бус нийлүүлэлт, борлуулалт ОХУ, БНХАУ болон зүүн өмнөд Азийн орнууд гэсэн гурван урсгалаар мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, худалдаж борлуулсан гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Сүүлийн гурван жилд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон:

  • Насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин
  • 19-25 насныхны тоо 24.2 хувиар
  • 26-34 насныхан 38 хувиар
  • 35-аас дээш насныхны тоо зургаан хувиар өссөн байна.

​Манай улсын иргэд 2006 оноос эхлэн гадаад улсад зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдон шалгагдах болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 117 хүн шалгагдаж байна” гэж мэдээллээ. Тус үндэсний хорооныхон энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүст үзүүлэх эмнэлгийн болон сэтгэлзүйн, нийгмийн тусламж үзүүлэх үйлчилгээний стандартыг бий болгох, мансууруулах төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн ардыг хамгаалах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн таслан зогсоох шаардлагын үүднээс үйл ажиллагаагаа эрчимжүүлэх цаг ирснийг сануулав.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн албанаас Мансууруулах бодисын эсрэг 60 дугаар чуулганаар нэр бүхий 12 төрлийн бодисыг мансууруулах төрлийн бодисын жагсаалтад шинээр оруулахаар шийдвэрлэжээ.

Хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, мансууруулах бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын харилцан уялдаатай ажиллагааг  зохион байгуулах, иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авахаар төлөвлөжээ.

УИХ-аар баталсан Эрүүгийн болон Зөрчлийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ төрлийн гэмт хэргийн холбогдох заалтуудыг оруулсан байна. Тухайлбал, Эрүүгийн хуульд хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Зөрчлийн хуулийн зургаадугаар зүйлийн 6-д эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчвөл торгууль ногдуулахаар заажээ.

Цаашид хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэснээс гарах хор уршгийг өсвөр үе хүүхэд, залууст тогтмол мэдээлэх, сэтгэл зүйн дархлаа суулгах замаар урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Хууль зүйн сайд онцолсон.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн албанаас Мансууруулах бодисын эсрэг 60 дугаар чуулганаар нэр бүхий 12 төрлийн бодисыг мансууруулах төрлийн бодисын жагсаалтад шинээр оруулахаар шийдвэрлэж, 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс Хар тамхи мансууруулах бодисын эсрэг конвенцэд нэгдсэн гишүүн улсуудад мөрдүүлэхээр шийдвэрлэжээ. Манай улс уг шийдвэрийг мөн хэрэгжүүлж ажиллахыг Үндэсний хорооны гишүүдэд санууллаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болно хэмээн Үндэсний хороооныхон үзэж байгаа бөгөөд хуралдааны дараа холбогдох байгууллагууд хэрхэн ажиллах талаар зөвлөмж гаргах юм байна

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close