Улс төр

Гишүүд, төлөөлөгчид минь candy crush-даад байгаарай

chuulgan_candy-middleУИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы нэгдсэн хуралдаан дээр фейсбүүкийн Candy crush тоглоомоор тоглож байгаад

сэтгүүлчдэд баригдаж нэг хэсэг шүүмжлүүлсэн.

Өнгө өнгийн чихрийг нурааж тоглодог энэ тоглоомонд дуртай хүн олон. Хор шар малтана. Дахиад тоглох хүсэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Дээрээс нь чамгүй сонирхолтой. Нойр хүрвэл чихрээ нурааж өндөр оноо аваад эхэлмэгц шууд сэргээд ирнэ.

Чихэр нурж байгаа чимээ нь хүртэл цаанаа л нэг сонсгололтой. Нэг тоглоод ирэхээр бухимдал төрүүлдэг олон зүйлийг өөрийн эрхгүй мартуулан, улайруулдаг сайн тал ч энэ тоглоомонд бий. Тийм болохоор л УИХ-ын гишүүд нь хүртэл ажил дээрээ тоглоод сууж байдаг сайхан тоглоом гэж хэлээд байгаа юм.

Төрийн өндөр албан тушаалтнуудаас З.Баянсэлэнгэ гишүүн ганцаараа энэ талаар мэддэг гэж бодож байсан чинь үгүй юм байна. Учир нь өчигдөр болсон НИТХ-ын ээлжит хуралдаан дээр МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар ухаантай хүн гэдгээ харуулж Candy crush тоглолоо. Дахиад л сэтгүүлчид түүний тоглож байгааг олоод харчихаж.

УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид маань улс эх орноо хөгжүүлж, асуудал хэлэлцэх гээд толгой нь байнга л өвдөж явдаг байж таарна. Олон цагаар хуралдахаар нойр нь хүрч, бие нь чилдэг л байлгүй.

Өөрт нь хамааралгүй, сонирхолгүй юм хэлэлцээд байхаар энэ мэтээр зугаатай тоглоом тоглож сэтгэлээ сэргээхгүй бол сонгуульт дөрвөн жилээ дуусгахаас өмнө мэдрэлийн ядаргаанд орчихно. Үүнийг зарим гишүүн, төлөөлөгч гярхай ажиглаж түр ч болов тархиа сэргээж, ядаргаанаас урьдчилан сэргийлж байгаа нь энэ шүү дээ. Тийм болохоор тэднийг ажлаа хийхгүй тоглолоо гэж битгий загнаарай.

Харин ч төрийн байгууллагын ажил, УИХ, НИТХ-ын хуралдааны дундуур нэг цагийн завсарлага авч Candy crush тоглодог бүх нийтийн цагтай болмоор байна. Нэгхэн цагийн хугацаанд сэтгэлээ сэргэтэл сайхан тоглочихвол бусад үед хийх ажлын бүтээмж ч өндөрсөх магадлалтай. Тиймээс гишүүд, төлөөлөгчид минь Candy crush-даад байгаарай.

Т.Урангэрэл

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg

Show More

Related Articles

1 thought on “Гишүүд, төлөөлөгчид минь candy crush-даад байгаарай”

Leave a Reply

Your email address will not be published.

Close