Зөвлөгөө

Монголчууд яагаад айраг, жимс, жимсгэнийг хамт хэрэглэхийг цээрлэдэг вэ?

Монгол хүн тарваганы мах, жимс, айраг гурвыг зэрэг хэрэглэж болохгүй тухай сургадаг. Үүний учир юунд байна вэ гэвэл хүний ходоод гэдэс тодорхой бодисыг тодорхой замаар шингээж цусаа түүгээр баяжуулдаг.

Хоол, унд шингээх энэ үйл явцыг ходоод гэдэсний салстын хундган эсээс ялгарсан салсархаг шүүрэл удирдаж зохицуулдаг. Гэтэл энэ салсархаг шүүрлийг хайлуулдаг бодис жимс, жимсгэнийн бүрхүүлд байдаг болохоор ходоод гэдэсний хана нүцгэрч хоолоор юу ч орж ирсэн түргэн боловсруулж цус руугаа шимдэг ажээ.

Тэгвэл цусны өөрийнхөө найрлагын тогтмолыг хамгаалах чадвар мөхөсдөж хүчилсэн айраг уухаар цус хэт хүчиллэг болж бодисын солилцоо саатах хямралд орох аюултай. Иймээс монголчууд айраг, жимс, жимсгэнийг хамт хэрэглэхийг цээрлэдэг.

Тарваганы мах ханаагүй өөхний хүчил ихтэй, царцалт багатай амархан шингэдэг өөх ихтэй. Түүнийг айраг, жимс жимсгэнэтэй хамт хэрэглэсэн тохиолдолд тарваганы өөх тос гэдэсний ханаар хурдан шимэгдэж цус богино хугацаанд хэт өөхжиж, цусны липаза фермент түүнийг зохицуулж зохиролт харьцаанд барих нөхцөл ээдрээтэй болдог.

Хавар хонь хургалах цагаар хонины сүүний тосоор хайлсан хайлмаг, бүрсэн тараг их идэж болохгүй гэсэн аман сургамж байдаг

Цус хэт хүчилсэн өөхшиж тархи, зүрх мэтийн амин чухал эрхтэний хялгасан судасны ханын дотор гадаргуунд өөхний өнгөр сууж улмаар эдгээр эрхтэнд явагдах хүчилтөрөгч, нүүрс хүчлийн хийн солилцоо саатаж тус эрхтэн хүчилтөрөгчийн дутмагшилд орж зүрх савлах, мэдрэл хямарч ухаан алдаж тэр нь амь насанд аюул учруулах хэмжээнд хүрдэг байна.

Хавар хайлмаг, бүрсэн тараг идэж болохгүй

Монгол туургатан арав, арваннэгдүгээр сараас хаврын гурав, дөрөвдүгээр сар хүртэл хоолондоо мах түлхүү хэрэглэдэг. Нэг үгээр хэлбэл махны өөх нь цагаан идээний тосыг бодвол харьцангуй удаан боловсордог. Түүндээ тохируулаад цусны липаза ферментын идэвх хүйтэн сэрүүний улиралд харьцангуй сулавтар байдаг гэсэн үг юм.

Монгол хүнийг хаврын цагт хоол ундны сэрэмжтэй дэглэм барихыг зөвлөж Дорно дахины анагаах ухааны хөлгөн судар ард олны дунд ам дамжин ярьж мөрдөж хэвшсэн зан үйл байдаг. Үүний нэг нь хавар хонь хургалах цагаар хонины сүүний тосоор хайлсан хайлмаг, бүрсэн тараг их идэж болохгүй гэсэн аман сургамж байдаг.

Хүн хоол идмэгц хоолны өөхний хэсэг нь ходоодонд эмульс болоод 12 хуруу гэдсэнд нойр булчирхайн шүүсэнд байдаг липаза ферментийн нөлөөнд өөхний хүчил глицерин болон задарч нарийн гэдэсний ханаар шимэгдмэгц хурдан хугацаанд өөх тос болж нэгдээд гэдэсний хананаас тунгалгийн цоргоор зөөгдөж богино замыг туулж өвчүү эгэмний үений ард байрлах венийн судсанд цутгадаг.

Энэ үед цусны липаза фермент түүнийг угтан авч цус хэт өөхжих гээд байвал цусанд илүүдэл хэмжээгээр орж ирсэн өөхийг түргэн задалж цаашид цусаар дамжин амин эрхтэнд өөх тос түгээх үйлийг зохицуулдаг. Түргэн боловсорч шимэгдэх тослогтой хоол их идэх нь түргэн хугацаанд цусаа өөхжүүлж тэр нь тархи, зүрх, уушги гэсэн цус, эд хоёрын хооронд хүчилтөрөгч нүүрс хүчлийн хийн эрчимтэй солилцоо явагддаг эрхтэнд энэ солилцоо саатдагтай холбоотой дээрх тохиолдолд ухаан алддаг болох нь батлагдаад байна.

Эрдэмтэд цус хэт өөхжөөд ирэхээр цусны сийвэнгийн судасны хананы дотор гадаргууг угааж урсдаг зурвас хэт өөхжиж, улмаар уул судасны ханыг дотор гадаргуугаас нь тосолж цус, эд хоёрын хооронд явах хийн солилцоонд бодит саад болдог гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

Б.Өнөржаргал, Д.Амгаланбаатар
ЭМШУИС, Био-АС, Анатомийн тэнхим

Show More

Related Articles

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close