МэдээНийгэм

Иргэд өөрсдийн буруугаас хилийн чанадад хохирсоор байна

Хилийн чанадад зорчиж буй манай улсын зарим иргэн өөрсдийн буруугаас, тухайлбал архидан согтуурах, хил гаалиар гарахдаа зөрчил гаргах, тэндхийн ажилтнуудын зүй ёсны шаардлагыг эсэргүүцэх, бусадтай наймаа арилжаа хийхдээ баримт, гэрээ үйлдэхгүйгээр мөнгөө залилуулах гэх мэт асуудалд удаа дараа холбогдсоор байгаа. Энэ төрлийн үйлдлүүд БНХАУ-ын Эрээн хот руу зорчигчдын дунд түгээмэл байна.

Тухайлбал иргэн О. Эрээнээс Замын-Үүдийн чиглэлд зорчигч тээж явахдаа хүний тоо хэтрүүлж, илүү ачсан хүнээ буулгахыг шаардсан Хилийн шалганы цэргийн шаардлагыг үл тоон явсан бөгөөд Эрээн дэх Монгол Улсын консул руу Хятадын хилийн шалганы цэрэгт зодуулсан мэтээр мэдээлэл өгсний мөрөөр консулын ажилтнууд тухайн газарт очжээ. Энэ нь үнэнд нийцэхгүй, харин ч иргэн О. бусад рүү үсчин, туйлын бүдүүлэг аашилж байжээ.

Түүнчлэн, Монгол Улсын иргэн Б.-г Эрээн хотын нэгэн зочид буудлын ард ухаангүй, согтуу хэвтэж байхыг тухайн дүүргийн цагдаа олоод Эрээн дэх Монгол Улсын консулд мэдэгдсэний дагуу явж очиход биедээ бичиг баримт, мөнгө төгрөггүй байсан байна.

Тэрээр Замын-Үүд-Эрээний боомтоор О. гэгч хүнийг дагаж орж ирсэн, холбоо барих утсыг нь мэдэхгүй, төрсөн өдөр тохиосон тул хоёр өдөр архи уусан хэмээн мэдүүлсэн байна. Түүний эрүүлжүүлж амраагаад, Монгол дахь ар гэрийнхэнтэй нь яаралтай холбогдон, буцаах арга хэмжээ авсан байна.

Монгол Улсын иргэн Э. нь Эрээнд ирээд Одонгэрэл, Буянт гэх өвөрмонгол хүмүүст ямар нэг гэрээ баримт үйлдэлгүйгээр 178 мянган юань өгч, бараа авахаар тохирсон ч тэдгээр хүмүүс мөнгийг нь аваад утсаа салган, сураг чимээгүй болсон байна.

Иймд иргэд арилжаа наймаа хийхдээ мөнгө өгч байгаа хүнээ тогтмол хаягтай эсэхийг сайтар нягтлах, гэрээ баримт үйлдэх, дор хаяж банкаар гуйвуулга хийх, зорчиж буй газрынхаа хууль дүрмийг судлах, зүй ёсны шаардлагыг хүлээж авах, архидан согтуурахаас зайлсхийх, бичиг баримт мөнгө төгрөгөө хямгадах зэргээр өөрийгөө хохироохгүй байхыг ГХЯ-наас анхааруулж байна.

Show More

Related Articles

1 thought on “Иргэд өөрсдийн буруугаас хилийн чанадад хохирсоор байна”

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBTIMES.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Close