Мэдээ

Аавдаа баярласнаа хэлэхээ мартуузай

Хоосон. Яг л хав харанхуй газар ганцаараа байгаа мэт. Гэхдээ айх, ганцаардах үед миний дэргэд хэн нэгэн байгаа юм шиг мэдрэмж арван таван жилийн өмнөөс надтай “нөхөрлөсөн”. Тэр нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хийсвэр мөртлөө надад итгэл, дахин шинээр эхлэх урам хайрладаг. Тийм учраас түүнийг би өөрийнхөө сахиус гэж боддог болсон.

Магадгүй 15 жилийн өмнө охиноо орхиод явсан аав минь намайг ганцаардуулахгүй гэсэндээ ингэж миний дэргэд оршдог ч юм бил үү. Аав минь хааяахан зүүдэнд ирэхдээ хэзээ, хаана болох нь үл мэдэгдэх зүйлийн талаар охиндоо сануулж, хамгаалдаг. Бас айж эмээх үед баруун мөрөн дээр минь хамт яваа мэт санагддаг юм.

Өнөөдөр “Аавуудын өдөр”. Энэ өдрийг манай улс 2005 оноос хойш тэмдэглэж ирсэн. Айл гэрийн ноён нуруу, халамжит ханийнхаа алтан багана, үр хүүхдүүдийнхээ нөмөр нөөлөг болсон аавууд энэ өдөр баяраа тэмдэглэдэг. Бас тэдэнд баярласан талархсанаа, ямар их хайртайгаа, санаж буйгаа хэлэх, илэрхийлэх боломж олгодог болохоор би энэ едрийг тэсэн ядан хүлээдэг юм.

Бас над шиг тэсэн ядан хүлээдэг хүн олон байгаа байх. “Эр хүн уйлж болдоггүй” хэмээн өөрсдөдөө ам тангараг тавьсан тэдэнд ямар их хайртайгаа, санадгаа илэрхийлэх боломж олддог учраас “Аавуудын өдөр”-ийг огтхон ч мартаж болохгүй. Тиймээс хэрвээ хэн нэгэн аавыгаа гомдоосон, утсаар ярилгүй удсан бол заавал энэ өдөр очиж уулзаарай.

Бас энэ хорвоод мөр бүтэн, нүүр тэнэгэр яг л мянган жилийн настай өндөр мод шиг саглагар мөчир, навчисаараа элдэв зүйлээс хамгаалж нөмөр нөөлөг болсоор ирсэнд нь баярласнаа хэлэхээ мартуузай.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж:

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close