Зөвлөгөө

Цуйван хийж чадах уу? Яаж хийдгийг нь харах уу?

Цуйван хийж чадах уу?
Яаж хийдгийг харах уу?
Элдээд, Хэрчээд, Жигнээд, Хутгаад
Идэх үү?

Орц: (4 порц)

* 2 ш лууван
* 2 ш сонгино
* 2-3 хумс сармис
* 200 гр байцаа
* 300 гр мах
* том, жижигээсээ хамаараад 2-3 илдүүр гурил, плиткан дээрээ хайрч бэлтгэсэн
* давс
* ус
* 50-75 мл тос, махныхаа өөхнөөс шалтгаалан тосоо тааруулна

Бэлтгэх нь:

  1. Сонгиноо арилгаад нарийхан нарийхан хэрчинэ. Луувангаа мөн арилгаад, угаагаад, нарийхан урт савхлан хэрчинэ. Байцаа, махаа мөн адил нарийхан нарийхан хэрчинэ.
  2. Гурилаа нимгэлэн илдээд плиткан дээрээ (манайх хийн плиткатай болохоор би наалддаггүй томхон сав тавиж байгаад тосгүй хийлгүйгээр гурилаа хайрчихдаг юм) тавиж хайрна.
  3. Тосоо хийж халаана. Дээрээс нь сонгиноосоо нэмээд (талыг нь хоолоо гаргахдаа хийхээр хадгална.) хэсэг хуурч байгаад луувангаа нэмнэ. Тос нь шаргалтаад ирэхлээр махаа нэмж борлуулна. Давсаа нэмж амтлаад байцаагаа нэмнэ. Хэсэг хуураад усаа нэмээд хайраад хэрчиж бэлтгэсэн гурилаа нэмнэ. Таглаад ширүүн гал дээр 3 орчим минут буцалгаад галаа зөөллөөнө. 10 орчим минутын дараа галаа унтраагаад үлдсэн сонгино, жижиглэн хэрчсэн сармисаа нэмнэ. 2-3 минутын дараа таглааг нь аваад хэрэгтэй гэж үзвэл бага зэрэг тос хийгээд, сэрээгээр гурилаа салган холиод, таваглаад сервислэнэ.

Зүүлт

* Цуйванг тахиа, гахай, үхэр, хонь гээд бүх төрлийн махаар хийхэд тохиромжтой.

Энэ бол цуйван

Цуйван хятад нэр, бодвол гурилтай… энэ тэр гэсэн л үг биз. Хэрэв та Chao bing гэж бичээд гүүглээс зураг хайвал махгүй буюу бараг махгүй цуйвангууд олж үзэх болно. Харин Монголд байдаг цуйвангууд том том махтай, бүр сүүлтэй байдаг. Тэгэхээр энэ хоол манай нутагт суурьшихдаа, эсвэл ерөөс монгол хувилбар нь ихээхэн мутацид орсон болох нь харагдана.

Хуцва гэж заримын хэлдэг нь цуйвангийн монгол нэр нь байж магад. Гурил л байвал хаа ч хийж болох эд учир заавал урд хөршийнх энэ тэр гэж гоочлоод ч юүхэв, Модун хаан Алтайд тарьсан гурилыг жигнэж, цэгцэрийн талын тарган ирэгний сүүлтэй сэгсэрсэн цуйванд нугасгүй байсан ч юм билүү. Гэвч цаг үргэлж нүүдэллэн, морин дэл дээр хийсдэг монголчууд хоолонд тэгж их цаг зардаг байсан нь юу л бол.

Цуйван ба эрчүүд

Ёстой л нас хүйс, шашин шүтлэг, баян ядуу ялгадаггүй зоог доо. Учир нь хүн бүхэн дуртай. Гэхдээ хүмүүс янз янзын цуйван таашаадаг. Жишээ нь, “Махных нь амт гуриландаа шингэж байж л жинхэнэ цуйван болно шүү дээ” гэх хүн таарна. Тэд гурилыг тусад нь жигнэхийг эрс эсэргүүцдэг хүмүүс.

“Өө өвгөн нь харьж явна… аа яагаа ч гүэ, зүгээр нэг сайхан цуйван сэгсрээч л гэх гээд…” гэж ярих эрчүүл мундахгүй. Өдөржин ажилласан ядаргаагаа гаргаж гэргий хүүхдээ харан баясан суух эрчүүдийн амралт цуйвангүйгээр төгс байж чадна гэж үү.

Тойрч суусан харчуудын яриа хүүхэн шуухан, хөлбөмбөгөө дуусгачаад цуйван руу орох нь бий. Хэрэв эхнэрээ магты гэвэл, “манай авгайгийн цуйван бол тасархайшд!” гээ л үнэлгээ тогтоочно.

“Би хаана ч орсон цуйван л захиалдаг. Яаж ч хийсэн гоёоороо байдаг хамгийн найдвартай хоол бол цуйван байхгүй юу. Тэхкү бол өөр юм захьдаг, шал хогийн юм хүрээд ирвэл яахын…” гэж нэг залуу хэлсэн байдаг юм. Хорвоогийн үнэнийг мөн өчсөн байгаам шүү.

Тэр битий хэл, “цуйван л сайхан хийдэг хүүхэнтэй сууна даа….” гэж санаашрах харчуултай таарч л явлаа.

Эмэгтэйчүүдийн хувьд бол харин цуйванг голцуу дундаа тавьцан идэж байгаа харагддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ, эмэгтэйм байж тийм том тавагтай цуйван иджийнэ гэж харагдахаасаа ичээд худлаа хоюулаа сууж байдаг болуу гэж бодогддын. Тэхээс шууд л уучхымсан гэсэн нүдээр хараад байдагшд цуйвангаа :))

Нийтлэлч: Артаньян
www.miss.mn
Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close