Бүрэнбүст уулын энгэрт 30000 ширхэг мод тариална

Бүрэнбүст уулын энгэрт 30000 ширхэг мод тариална

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бүрэнбүст уулын энгэрт 30,000 ширхэг мод тариалахаар  “Нэг иргэн Нэг мод” аяныг эхлүүлээд байгаа билээ. Тус газарт мод тариалсанаар Баян-Өндөр сумын гэр хорооллын багуудын 62597 иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, усны их ундаргыг сайжруулах, түүнчлэн байгаль дэлхий, эх газартаа цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдлоос сэргийлэх зорилготой юм.

“Нэг иргэн Нэг мод” аянд иргэд аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд, сургууль цэцэрлэгийн хамт олон идэвхитэй хамрагдаж өнгөрөгч амралтын өдрүүдэд 4500 ширхэг хар мод, хайлаас, шинэс, улиас, саваа бургас, шар хуайс зэрэг 6 төрлийн модыг тариалж байгууллагынхаа нэрэмжит төглийг бий болгожээ.

Мод тариалах хугацаа 10-р сарын 5-аас эхэлсэн бөгөөд 10-р сарын 19-ны өдрийг хүртэл тариалахаар төлөвлөсөн байна. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн санаачилгаар нэгдэн мод тариалах боломжтой юм.