2019 оны эхний хагас жилд Монголд 217 мянган жуулчин иржээ

2019 оны эхний хагас жилд Монголд 217 мянган жуулчин иржээ

2019 оны эхний хагас жилд улсын хилээр 217 мянган жуулчин орсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өсжээ. 

Мөнгөн дүнгээр нь тооцвол гадаадын жуулчид Монгол Улсад 284.1 сая ам.доллар оруулсан нь өмнөх оны мөн үеэс 36 орчим сая ам доллароор өссөн үзүүлэлт болсныг төлбөрийн тэнцлийн долоодугаар сарын үзүүлэлтээс харж болохоор байна. 

Харин монголчууд гадаад улсуудад аялахдаа 505.8 сая ам.доллар зарцуулсан нь өмнөх оноос 20 орчим сая ам.доллароор өсжээ. Гаднын жуулчдыг улсаар нь ангилбал БНХАУ, Вьетнам, Хонгконг, Малайз, Австрийн жуулчдын тоо өссөн бол Турк, Украйн, Канадынх буурсан байна. Нийт жуулчдын 51 хувь нь хувиараа, 49 хувь нь жуулчны компаниар үйлчлүүлдэг талаар Монголбанк судалжээ.

Гадаадын жуулчдыг татахын тулд дотоодод үйл ажиллагаа явуулдаг аялал, жуулчлалын компаниуд эн тэргүүнд “Google”-ийн хайлтад үргэлж шинэчлэл оруулдаг талаараа мэдээлж байсан юм. Мөн олон улсад зохион байгуулагддаг аялал, жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцож компаниа танилцуулдаг байна. Тухайлбал, “Nomadic Expedition” компанийн “Гурван тэмээт” жуулчны баазыг “Forbes” сэтгүүл өвөл аялах тансаг жуулчны баазуудын нэгээр нэрлэсэн н тэдний хувьд маш том маркетинг болж чадсан талаар онцолж байв.

Жуулчдын тооноос илүү үйлчилгээний чанартаа анхаарах нь тогтмол үйлчлүүлэгчтэй болоход хамгийн ихээр нөлөөлдөг байна. Одоогоор тус баазад жилдээ тогтмол 1000 орчим гаднын жуулчид ирдэг болжээ. Тиймээс нэмэлт маркетинг хийх төдийлөн шаардлагагүй байдаг талаар “Nomadic Expedition” компани мэдээлсэн юм.

Харин “U Travel” компани жилд дунджаар 300-400 орчим жуулчинд үйлчилдэг. Гадаадын жуулчдыг татахын тулд дижитал маркетинг түлхүү ашигладаг байна. Мөн БНХАУ, Турк, Сингапур улсын аялал, жуулчлалын компаниудтай жуулчин солилцох чиглэлд хамтран ажилладаг ажээ. Энэ жилийн хувьд Монголд ирэх хятад жуулчдын тоо 250 орчим мянгад хүрэх тооцоо байгааг “U Travel” компаниас мэдээллээ.