Хятадын гадаад хэргийн сайдын албан тушаалаас учир битүүлэг шалтгаанаар халагдсан Чинь Ган телевизийн алдартай хөтлөгч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан талаар баримтыг Financial Times сонин өчигдөр дэлгэжээ.
Сайдын албан тушаалд томилогдоод хагас жил ч болоогүй байсан 57 настай Чинь Ган өнгөрсөн зун нэг сар орчим хугацаанд олны өмнө ил гарахгүй байсны дараа ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Түүний оронд өмнөх гадаад хэргийн сайд Ван Ийг буцаан томилж байв.
Бээжингийн эрх баригчид гадаад хэргийн сайдаа өөрчилсөн шалтгааныг тайлбарлаагүй. Харин сошиал ертөнцөд түүний гэр бүлээс гадуур харилцаа, хууль бус хөрөнгийн талаар цуурхал тарж байв.
Financial Times сонины холбогдох эх сурвалжуудаас олж авсан мэдээллээр бол түүний гэр бүлээс гадуур харилцаатай байсан эмэгтэй нь Хонконгийн Phoenix телевизийн хөтлөгч асан, 40 настай Фү Шяотянь юм байна.
Энэ эмэгтэй өнгөрсөн онд АНУ-д тээгч эх ашиглан хүүхэдтэй болж байжээ. Гэхдээ хүүхдийн эцэг хэн болох талаар баримт олдоогүй байна.
Өчигдөр Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Financial Times сонинд гарсан мэдээллийн талаар асуултад “Энэ бол дипломат харилцаатай холбоотой асуудал биш” гэсэн шалтгаанаар хариулахаас татгалзжээ.
Фү Шяотянь тавдугаар сард АНУ-аас Хятадад буцаж ирснийхээ дараа WeChat хуудсандаа ямар нэг мэдээлэл нийтлэхээ зогсоосон талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Чинь Ган нь эхнэр, хүүхэдтэй хүн болохыг Хятадын засгийн газрын вэб сайтад дурдсан байдаг.
Phoenix TV сувгийн “Talk with World Leaders” ярилцлагын шоуг хөтөлж байхдаа Фү алдаршсан юм. Уг шоундаа тэр дэлхийн томоохон улс төрчид, бизнесмэнүүдийг урьж оролцуулдаг байжээ.
АНУ-д суух Хятадын элчин сайд байхдаа Чинь Ган уг шоунд бас оролцож байсан юм.
Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр Чинь, Фү нар 2010 онд анх Лондон хотод танилцаж байжээ. Тухайн үед Фү нь Кэмбрижийн их сургуулийн магистрын хөтөлбөрийг дүүргээд Phoenix телевизийн Лондон дахь салбарт ажиллаж эхэлж байсан гэнэ. Харин Чиний хувьд Британи дахь Хятадын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч байжээ.
Арав орчим жил дотно харилцаатай байсан Чинь Ган өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гадаад харилцааны сайд болсныхоо дараа Фүгээс зайгаа барьж эхэлсэн тухай ойрын эх сурвалж мэдээлсэн байна.
Энэ үеэр Фү тэдний харилцааны талаар сошиал хуудсандаа битүүхэн цухуйлгаж байсан гэдэг. Хожим Чинь албан тушаалаа алдах үеэр энэ баримт Хятадын сошиал ертөнцөд хүчтэй тарж байжээ.
Өөр нэг сэжигтэй баримт нь сэтгүүлчийн мэргэжлээр арав гаруйхан жил ажилласан Фүгийн тансаг амьдрал юм.
Тэрбээр байнга хувийн нисэх онгоцоор гадаадад аялж, тансаг байр сууцанд авхуулсан гэрэл зургуудыг Вэйбо хуудсандаа нийтэлдэг байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Чончин хотын уугуул Фү эгэл жирийн гэр бүлээс гаралтай, ээж нь багш, аав нь үйлдвэрийн менежэр хүн байдаг юм байна.
2016 онд Фү Шяотянь өөрийн суралцаж төгссөн Кэмбрижийн их сургуулийн Черчиллийн коллежид их хэмжээний мөнгө хандивлаж байжээ.
Коллежийн захиргаа хандивын хэмжээг зарлаагүй бөгөөд хариуд нь нэг цэцэрлэгээ Фүгийн нэрээр нэрлэж байсан гэнэ.
Эх сурвалж: Financial Times