Энэ оны долдугаар сард Өмнөд Солонгост алба хааж байсан АНУ-ын армийн байлдагч Трэвис Кинг сахилгын арга хэмжээгээр шийтгүүлээд байхдаа Умард Солонгосын хилийг давж оргосон юм.
Тэгвэл уг цэргийг хилээр албадан гаргах болсныг Пёньяны эрх баригчид өчигдөр орой зарлажээ.
Удалгүй 23 настай Кингийг Хятадын хилийн боомтоор АНУ-ын төлөөлөгчдөд шилжүүлж өгсөн байна. “Байлдагч Кинг одоо гэртээ харих замд яваа бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байгааг дуулгахдаа таатай байна. Бид түүний эрүүл мэнд, сэтгэл санааны асуудлуудыг шийдвэрлэж, хэвийн амьдралд шилжихэд нь туслах болно” гэж АНУ-ын албаны эх сурвалж мэдээлсэн байна.
АНУ-ын засаг захиргаа байлдагчийг буцааж авахын тулд Умард Солонгосын талтай ямар нэг нөхцөл тохиролцоогүйг тэр бас баталжээ.
Албаныхан Хятадын хилийн боомт Даньдонд байлдагчийг тосож авсны дараа төрийн департаментын нисэх онгоцоор Өмнөд Солонгосын цэргийн баазад хүргэсэн байна.
Өнөөдөр түүнийг АНУ-д хүргэх тухай төрийн департаментын төлөөлөгч мэдээлжээ.
Өчигдөр орой Умард Солонгосын төв хэвлэл “БНАСАУ-ын холбогдох байгууллага тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын цэрэг Трэвис Кингийг хууль тогтоомжийн дагуу албадан гаргах шийдвэр гаргалаа” гэж мэдээлсэн юм.
Трэвис Кинг нь 2021 оны нэгдүгээр сард АНУ-ын армид алба хааж эхэлсэн бөгөөд Өмнөд Солонгост алба хаах ээлжийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.
Умард Солонгос руу оргохоосоо өмнө тэр хоёр хүний биед халдаж, цагдаагийн автомашиныг өшиглөсөн хэргээр шийтгүүлээд байжээ. Долдугаар сарын 10-нд сахилгын шийтгэл нь дууссаны дараа түүнийг АНУ руу шилжүүлэх гэж байсан юм.
Гэвч тэр нисэх буудлаас зугтаж, хоёр Солонгосын хилийн Панмунжом тосгонтой танилцах бүлэг жуулчдын дунд нуугдаж явсаар хил давжээ.
Кингийг буцааж авах асуудлаар яриа хэлэлцээг Умард Солонгостой дипломат харилцаагүй АНУ-ын тал Пёньян дахь Шведийн элчин сайдаар дамжуулан явуулж байжээ.
Кингийг Хятадын хилд хүргэх ажлыг Шведийн тал зохион байгуулсан байна. Яриа хэлэлцээнд Хятадын тал мөн чухал үүрэг гүйцэтгэснийг албаны эх сурвалж баталжээ.
Гэр бүлийнхэн нь Кингийг армид алба хаах хугацаандаа ялгаварлан гадуурхагдах асуудалтай тулгарч байсны улмаас оргосон байж болзошгүйг өмнө нь хэвлэлд тайлбарлаж байв.
Харин албаныхан түүнийг сахилгад суух үедээ сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан гэж мэдэгдэж байжээ.
Зарим ажиглагчид оргодол цэргийг Умард Солонгосын дэглэм ямар нэг солилцооны хэрэгсэл болгон ашиглаж болзошгүй гэж үзэж байв.
Тус улсын эрх баригчид Кингийг яагаад албадан гаргах болсон шалтгааныг мэдэхгүй ч доод тушаалын цэргийн алба хаагчийн хувьд түүнд ямар нэг ач холбогдол, үнэ цэн байхгүй гэж үзсэн байж болзошгүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж: Associated Press