Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх бөгөөд уул уурхайн салбар нь эдийн засгийн ихээхэн хувийг бүрдүүлдэг. Иймд уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас гарахын тулд аж үйлдвэрийг төрөлжүүлэх шаардлагтай. Үүний тулд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн менежмент, технологийг нэвтрүүлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм.
Эдгээр нөхцөл байдлаас үүдэн ЖАЙКА нь Монгол Улсын Засгийн газар, МХҮАТ болон Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран 2024.3.5-3.8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “FOODEX JAPAN 2024” үзэсгэлэнд Монгол павильон гаргаж оролцоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.
“FOODEX JAPAN” нь Азидаа хамгийн томд орох хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн гэдэг утгаараа хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид цуглан, мэдээлэл солилцож, бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлдэг. Энэ удаагийн Монгол павильонд хүнс үйлдвэрлэлийн салбарын Монголын 5 аж ахуй нэгж үзэсгэлэнгээ гарган оролцож, тус бүр 100-400 аж ахуй нэгжтэй нэрийн хуудсаа солилцож, бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлсэн юм. ЖАЙКА нь Монголоос оролцож буй аж ахуй нэгжүүдэд үзэсгэлэнд оролцох чиглэлээр болон маркетинг, экспортын чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлсэн.
Үзэсгэлэнгийн эхний өдөр (2024.3.5 14:00-14:40) зохион байгуулагдсан “Монголын байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн” сэдэвт семинарт Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖАЙКА-ийн бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамура Ко нар оролцож, илтгэл тавьсан юм.
Эх сурвалж- GoGo.mn