Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдав.
Хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов.
Энэ тогтоолоор “Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн асуудлаар газар дээр нь ажиллаж мэдээлэл авах, тулгамдаж буй асуудлыг судлан шийдэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилгоор Дорнод аймгийн Тамсагбулагийн сав газарт ажиллах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан ажилласан юм.
Ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сараас хойш Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар:
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 63
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 19
-Үндэсний аудитын газраас 13
-Татварын ерөнхий газраас 20
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 65
-Гаалийн ерөнхий газраас 3 нийт 164 хуудас материалыг хүлээн авч нэгтгэжээ.
Газрын тосны ашиглалтын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг “Петрочайна дачин тамсаг” ХХК шилжүүлэн авсан.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоор ахлуулсан дэд ажлын хэсэг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай очиж танилцаад бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг судалжээ. Мөн санал, танилцуулгыг ажлын хэсэгт ирүүлсэн байна.