Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден, Дональд Трамп нарын мэтгэлцээн болж өндөрлөсөн.
Мэтгэлцээнд Жо Байден хангалттай сайн оролцоогүй ч арваннэгдүгээр сард болох сонгуульд Трампын эсрэг ялах боломжтой хэмээн өөрт нь хандив өгсөн дэмжигчдийг тайвшруулжээ.
Тодруулбал тэрбээр мэтгэлцээний дараа “Өнөөдөр миний хувьд тийм ч сайн байсангүй. Гэхдээ Трамп ч бас муу байсан. Энэ сонгуульд ялж чадна гэдгээ амлаж байна” гэжээ.
Өдгөө 81 настай түүний хувьд олон хүнээс сайн ерөнхийлөгч байхад дэндүү хөгшиднө гэсэн шүүмжлэлийг сонсдог.
Өнгөрсөн сарын эхээр гаргасан нэгэн судалгаанд оролцсон хүмүүсийн 65 хувь нь Байденыг ерөнхийлөгч байхад оюун санаа, сэтгэл зүйн хувьд тохиромжтой биш гэж үзсэн аж.
Харин пүрэв гарагт болсон мэтгэлцээний дараа энэ үзүүлэлт 72 хувь болж өссөн байна.