Япон улсын Засгийн газар энэ жилээс алдарт Фүжи ууланд авирахаар очсон жуулчдаас хураамж авдаг болсон байна.
Тодруулбал нэг хүн 2000 иен буюу ойролцоогоор 45 мянган төгрөгийн хураамж төлснөөр дээш авирах боломжтой аж. Уулыг тойрох хоёр мужийн нэг болох Яманаши дахь Ёшидагийн замаар оргил руу өгсөх явган аялагчид хураамж төлнө.
Энэ зам нь Токиогоос аялж буй уулчдад тохиромжтой бөгөөд жуулчдын 60 орчим хувь нь уг замыг ашигладаг аж.
Түүнчлэн тус ууланд авирах жуулчдын тоог өдөрт 4000 байхаар хязгаарлажээ. Энэ нь жуулчдын хэт их бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх зорилготой гэв.
Өчигдрөөс эхлэн иргэд Фүжи ууланд авирах боломжтой болсон бөгөөд ууланд авиралтын улирал есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.