Банкны карт шиг энэ жижигхэн ногоон зүйл манай улсын 500 гаруй хүнд бий. Тодруулбал, гэнэтийн осол болон тархинд цус харваж, тархи үхэжсэн тохиолдолд бусдын амь насыг аврах хүнлэг өгөөмөр сэтгэлийн үүднээс өөрийн эрхтнээ бусдад шилжүүлнэ гэх утгатай зөвшөөрлийн карт юм. Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн бүр хуулийн хүрээнд донорын карттай болж болно.
Өөрөөр хэлбэл тархи үхэжсэн хүн цөөн хоногийн настай болдог бөгөөд энэ хугацаанд эрхтнийг бусдад шилжүүлэн суулгах боломжтой. Ингэж амьдрал залгасан хүмүүс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллах, нөхөн үржихүйд оролцох зэргээр олон сайн үр дүн гардаг гэдгийг Эс,эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан мэдээлэв.
Манай улсад анх амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1996 онд хийсэн ба 2006 оноос илүү эрчимтэй хөгжүүлжээ. Цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, аллоген донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг, бөөр, шөрмөс, ясны бүрдэл хэсэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулах ажлуудыг хийж байна.
Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг 333 хүнд бөөр, 241 хүнд элэг, 33 цусны үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төв 125 хүнд элэг амжилттай шилжүүлэн суулгаад буй.