УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, уг хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Үүгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид булаан авч хурлыг хэлбэрийн төдий болгож байгаа гэсэн үндэслэлээр энэ бүтцийг хүчингүй болгож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг байгуулсан. Ингэснээр өдөр тутмын тулгамдсан асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнга хуралдуулах шаардлага гарч, тийм боломжгүйгээс орон нутагт зохицуулах шаардлагатай ажлууд цалгардах, хугацаа алдах нөхцөл үүсч байгаа тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.