Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд сонслоо.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбатад хандаж "Туршлагатай улстөрч бас танкчин хүний хувьд аливаа асуудалд ул суурьтай хандаарай" хэмээн хошигносон юм.
Харин Д.Ганбат гишүүн "Ерөнхий сайд бид хоёрын яриа хадуураад явчихдаг. Та бас сумын төвд жижүүр хийж байгаад Ерөнхий сайд болно гэдэг чинь мундаг шүү дээ" гэж хариу барив.
Үргэлжлүүлэн тэрбээр "Би Ерөнхий сайдын өрөөнд орж өөр нэг юм яриад, гарч ирээд өөр зүйл яриад явсан тохиолдол ёстой байхгүй. Сүүлийн нэг жил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаагүй.
Харин Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай уулзаад, ганц нэг хундага юм татаад яваад байгаа. Тантай бол амжихгүй явж байна.
Түүнчлэн бараа, бүтээгдэхүүний үнэ ханш дийлдэхээ байлаа. Зарим гишүүн 200,000 төгрөгөөр сар болдог гээд байх юм. Тийм юм байхгүй. Бүгдээрээ 20-30 сая төгрөгөөр нэг сар болж байгаа. Харин Монголын ард түмэн бол 200,000 төгрөгөөр амьдарч байна.
Орон нутгаар яваад иргэдийн амьдралыг судал. Тэгээд энэ сайхан өөрчлөлтийг хий. Сайхан ч гэж дээ. Монголын ард түмнийг сайхан амьдруулна, жаргаана гэсэн үлгэрээ яриад итгүүлээд ирэхийг чинь харъя" хэмээн ярилаа.