Fitch Ratings энэ онд Монголын эдийн засгийн өсөлт 5.7 хувь болж саарна гэж таамаглалаа.
Зээлжих зэрэглэл тогтоогч тус байгууллага өнгөрсөн хоёрдугаар сард манай улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой, 'B' ангилалд хэвээр үлдээсэн юм.
Өчигдөр цахим хуудсандаа гаргасан мэдэгдэлд “Монголын уул уурхайгаас олох орлого нэмэгдэж, тус улсын гадаад валютын нөөц нэмэгдэн, өр буурсан. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг. Мөчлөг дагасан бодлого явуулдаг тул тус улс эрдэс баялгаас, тэр дундаа нүүрс, зэсээс ихээхэн хамааралтай.
Нүүрс зэс Монголын нийт экспортын дийлэнхийг бүрдүүлж, Засгийн газрын орлогын 1/3-ийг бүрдүүлдэг. 2003 онтой харьцуулбал 2023 онд Монголын уул уурхайн экспорт 50 дахин нэмэгдэж, ДНБ-д эзлэх энэ салбарын хувь 5-аас 70 болжээ. Гэвч үүнтэй зэрэгцэн гадаад өр, төсвийн алдагдал ч нэмэгджээ. Иймд өрийн удирдлагад анхаарах шаардлагатай. 2009 онд уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ огцом унаж, эдийн засаг хумигдсан үйл явдал давтагдаж болзошгүй” гэжээ. Иймд энэ оны эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь болгон бууруулжээ.
Харин эрх баригчид энэ онд эдийн засаг 7 хувиар өснө гэж тооцоолсон. Мөн 2023 онд 7 хувийн өсөлт үзүүлсэн нь Энэтхэгийн дараа, хоёрдугаарт бичигдэх, өндөр өсөлт боллоо гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж-GoGo.mn