-ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТАГДАН ШАЛГАГДАЖ БАЙХ ХУГАЦААНДАА ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭЭР БАЙГАА НЬ ЯЛ ШИЙТГЭЛИЙН ХЭМЖЭЭ БАГАДАЖ БУЙГ ХАРУУЛЖ БАЙНА-
Монгол Улсын эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, залуусын амар хялбар аргаар мөнгө олох сэдэл, цахим орчны хэрэглээ зэрэгт тулгуурлан бүлэг этгээдүүд хууль бус мөрийтэй тоглоом ажиллуулж, иргэдийг эд хөрөнгөөр хохироосоор байгаа нь өнөөдрийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.
Тоглоом зохион байгуулагчид цахим орчинд “Нэг дор их хэмжээний мөнгө олох боломжтой” гэх мэдээллийг тарааж, иргэдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.
Тэдний нэг бол П.Эрхэс гэгч бөгөөд түүнийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэсэн ч тэрбээр шалгагдаж байх хугацаандаа Вьетнам улс руу гарч, гадаадаас цахим мөрийтэй тоглоомыг үргэлжлүүлэн зохион байгуулсаар байгаа ажээ.
Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид, тэдний хууль бус үйлдлийг хуулийнхан өөрсдөө хамгаалдаг гэх мэдээлэл хэдийн ил болсон бөгөөд П.Эрхэсийн ар талд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад авлигын хэргээр ажлаасаа халагдсан нэр бүхий хүнтэй хамааралтай гэгддэг.
Тэд олсон орлогоо хуваадаг гэх ба сард хамгийн багадаа тэрбум төгрөг эргэлддэг. Үүнтэй зэрэгцээд эд хөрөнгөө алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байгаагаас гадна хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Цахим мөрийтэй тоглоомын орчинд poker буюу мөрийтэй тоглоомын аппликейшн, сайт нээж, зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд нь хэд хэдэн акаунтаар нэг тоглогчтой бооцоотой тоглоом зохион байгуулж, бусдыг төөрөгдүүлэн мөнгийн луйвардан авдаг ажээ.
Өөрөөр хэлбэл, цахим тоглоомын өрөө гэж нэрлэн мөрийтэй тоглоом тоглож байгаа 8 иргэнийг нэг группт оруулдаг. Харин тоглож байгаа 8 иргэний 3-4 нь зохион байгуулагч этгээд өөрсдөө байх бөгөөд хуурамч акаунт 3-аас 4, зарим тохиолдолд түүнээс дээш хаяг нээж, гар утас, таблет гэх мэт төхөөрөмжөөр нэгэн зэрэг нэвтрэн тоглож байдаг. Энэ нь бусад иргэдэд олон тоглогч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн, олон хүнтэй тоглож байгаа мэт боловч энэ төрлийн мөрийтэй тоглоомонд донтсон этгээд нь мөнгө хожих ямар ч боломжгүй байдаг, мөнгө хийх тусам үргэлж хохирч байдаг байна.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байсан бол Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд, Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.
Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хуульд зааснаар хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаас шалтгаалж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох, 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хорих ял шийтгэл, мөнгө угаах гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 12 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.
Гэвч хэрэгт татагдан шалгагдаж, ял шийтгэл авсан этгээдүүд энэ гэмт хэргээ дахин дахин үйлдсээр байгаагаас үзвэл гэмт этгээдүүдийн үйл ажиллагааг хуулийнхан өөрсдөө хамгаалж, татвар татаас авдаг гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Түүнээс гадна энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээ бага байгааг дээрх хэргүүд харуулж байна.
Эх сурвалж: news.zindaa.mn