Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангиллын 3 төрөлд 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охин түрүүлж дэлхийн аварга болжээ.
Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс илүүрхэн “блиц”, “рапид”, “стандарт” төрлүүдээс аваргын алтан медалийг хүртжээ.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас 11 шатарчин сурагч оролцсон. Монгол Улсаа төлөөлөн оролцсон өсвөрийн шатарчдаас хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдан, аварга болсон бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаа хожин, хоёр тэнцэж, алтан медалиар энгэрээ мялаажээ.
Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан улсынхаа нэрийг өндөрт өргөн амжилт үзүүлээд ирсэн өсвөрийн шатарчдын төлөөлөл Н.Аз-Эрдэнэ болон түүний аав, дасгалжуулагч Ч.Нямдаваад баяр хүргээд, дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Ч.Нямдаваа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубт дасгалжуулагчаар ажилладаг. Тэрээр “Манай 3 хүүхэд бүгд шатрын спортоор хичээллэдэг. Аз-Эрдэнийн маань ах эгч хоёр улсын аваргын шагналтай. Мөн манай аймагт Аз-Эрдэнээс илүү авъяаслаг шатарчин хүүхдүүд олон бий” хэмээн ярьж байв.
Н.Аз-Эрдэнэ 4 настайгаасаа шатраар хичээллэсэн бөгөөд Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа оролцож 3 алт, 2 хүрэл медалийн эзэн болж байжээ.
Эх сурвалж-GoGo.mn