Пүрэв гарагт барууны орнууд болон ОХУ хооронд хүйтэн дайнаас хойш хамгийн том ялтан солилцоог зохион байгуулав.
Энэ хүрээнд нийт 24 хүнийг солилцсон болохыг АНУ мэдэгдсэн юм. Цагаан ордны мэдээллээр 16 хүнийг суллаж, Европ болон АНУ руу буцаажээ.
Үүний хариуд АНУ, Норвеги, Герман, Польш, Словенид хоригдож байсан Оросын 8 ялтанг сулласан байна.
Солилцоог Туркийн нийслэл Анкара дахь онгоцны буудалд зохион байгуулсан юм. Ялтнуудыг солилцох яриа хэлэлцээрийг 18 сарын турш хийсэн аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эх орондоо эргэн ирсэн иргэдээ Москва хотын Внуково нисэх онгоцны буудлаас угтан авчээ.
Ялтан солилцооны яриа хэлэлцээ анх эхэлж байхад Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг оролцуулахаар ярьж байсан ч энэ оны хоёрдугаар сард тэрээр шоронд нас барсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ялтан солилцооны талаар "Миний хүсэлтээр олон улс энэ ээдрээтэй хэлэлцээрт нэгдсэнд би талархаж байна. Энэ бол дипломат арга барилын нэг хэлбэр юм" гэжээ.