Парис-2024 олимпын наадмын боксын төрөлд 66 кг-ийн жинд хүч үзэж буй Алжир улсын тамирчин Иман Хелиф хүйсээ солиулсан эсэх тухай асуудал дэлхий нийтийг шуугиулж байна.
Тодруулбал өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бие махбодын шалгуур үзүүлэлтийн шинжилгээгээр түүний тестостероны хэмжээ өндөр гэж гарсан тул тэмцээнд орох эрхийг нь хасаж байв. Уг даавар нь аль ч хүйсний хүнд ялгардаг ч эрэгтэйчүүдэд 20 дахин илүү байдаг.
Гэхдээ эмэгтэйчүүдийн тав орчим хувьд нь энэ дааврыг ихээр ялгаруулах тохиолдол илэрдэг бөгөөд үүний 70 хувь нь Өндгөвчний олон уйланхайт хамшинжтэй холбоотой байдаг аж. Энэ үед хүний бэлгийн дааврын тэнцвэр алдагдах, арьс батгашиж үрэвсэх, эрэгтэй шинж давамгайлах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Энэ удаагийн олимпын наадамд Хелифт оролцох эрх олгосныг Олон улсын олимпын хорооноос мэдэгдсэн.
Үүний дараа шударга бус өрсөлдөөн гаргалаа хэмээн олон хүн шүүмжлэлтэй хандсан. Өчигдөр Хелиф Италийн тамирчин Анжела Каринитай тулалдсан бөгөөд Карини өөрийн хүсэлтээр тэмцээнээ ердөө 46 секундэд дуусгасны дараа энэ маргаан улам газар авав.