“Apple” компани хиймэл оюунт функцийг бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэх өргөн хүрээний ажлынхаа нэг хэсэг болгож “iPhone” гар утсандаа “OpenAI” компанийн технологийг ашигладаг болохоор гэрээ байгуулахад ойртсоныг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Одоогоор “Apple” болон “OpenAI” компани “iPhone”-ийн дараагийн үеийн үйлдлийн систем болох “iOS 18”-д “ChatGPT”-ийн функцийг ашиглах тухай гэрээний нөхцөлүүдийг эцэслэж байгаа аж. “Apple”-ийн хувьд ирэх сард “iPhone” гар утасны хиймэл оюуны шинэ функцүүдийг танилцуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн онд тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук “ChatGPT”-ийг хувийн хэрэгцээндээ ашигладаг ч "засах ёстой олон асуудал байгаа" хэмээн ярьж байв. Мөн хиймэл оюуны шинэ функцүүдийг "ихээхэн бодож төлөвлөсний үндсэнд” “Apple”-ийн бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүлэхээр байгаагаа хэлж байсан юм.
Эх сурвалж-GoGo.mn