Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр болох Салтанат Нукеноваг хөнөөсөн гэмт хэрэгт буруутайд тооцож 24 жил хорих ял оноолоо.
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан, охид эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг өргөн цар хүрээгээр хөндсөн уг хэргийн эзэн холбогдогчид оноох шүүхийн ял бүхий эцсийн шийдвэрийг олон сая хүн хүлээж байсан юм. Тангарагтны шүүх 44 настай Бишимбаевыг эхнэрээ эрүүдэн шүүсэн, удаа дараа онц хүчирхийлэл үйлдэж амийг нь хохироосон гэж үзэн 24 жилийн хорих ял оноолоо.
Түүний эхнэр Салтанат Нукенова өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэгэн ресторанд нас барсан байдалтай олдсон. Хэрэг болсон ресторан нь Бишимбаевын хамаатны эзэмшдэг газар бөгөөд хохирогч нас барахын өмнөх өдөр нөхөртэйгөө хамт тэнд байсан нь камерын бичлэгт үлджээ.
Шүүх хурлын үеэр хүчирхийлэл үйлдсэн бичлэгийг үзүүлсэн бөгөөд Бишимбаев эхнэрээ зодож, өшиглөж, үснээс нь зулгаан чирч буй дүрсийг харуулсан байна. Мөн тэрбээр эхнэрээ өөд болохоос өмнө өөрийн гар утсаараа бичлэг хийж нэг асуултаа байн байн давтан эхнэрээсээ асууж байгаа нь бичлэгт үлдсэн нь шүүх хуралдааны үеэр ил болгосон.
Түүнийг эхнэрээ зодож амийг нь хөнөөсөн гэж үзэж байхад шүүх хуралдааны мэдүүлгийн турш Бишимбаев "Санаатай үйлдээгүй" хэмээн үгүйсгэж, гар утсаараа хийсэн олон бичлэгээ "Миний утсыг хакердаад, дуу хоолойг минь оруулаад бичлэг хийснийг хэн нэгэн аппликэйшнээр дамжуулж суулгасан байна" хэмээн эрс үгүйсгэж байсан юм.
Эх сурвалж-GoGo.mn