Ховор амьтны төрөлд багтдаг Иберийн шилүүсийн тоо толгой сүүлийн жилүүдэд өссөнөөр ховордсон амьтдын жагсаалтад харьяалагдахгүй болсныг Байгаль хамгаалах олон улсын холбооноос мэдээлэв.
Тодруулбал насанд хүрсэн шилүүсийн тоо 2001 онд 62 байсан бол 2022 онд 648 болж өссөнөөр тус амьтныг “эмзэг” зэрэглэлд шилжүүлсэн байна.
Иберийн шилүүс нь Иберийн хойг орчимд буюу Испани, Португалийн бүс нутгаар амьдардаг.
1960-аад оноос хойш хууль бус ан, зам тээврийн осол, амьдрах орчны хомсдолтой холбоотойгоор уг төрөл зүйлийн тоо толгой эрс багасахад хүрчээ.
Байгаль хамгаалагчид Иберийн шилүүсийн тоо толгойг өсгөх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд өдгөө уг төрөл зүйлийн тоо 2000 гаруй болж өссөн байна.
Тэдний тоог өсгөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Иберийн шилүүсийн хүнсний гол эх үүсвэр болох Европын туулайг нэмэгдүүлэхэд чиглэсэн явдал байжээ.