Нэг үеэ бодоход мал махны чанарын тухай дор бүрнээ л анхаардаг болжээ. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр ажиллаж байгаа Монбийф брэндийн үйл ажиллагааны талаар ярилцлаа. Олон улсад хамгийн үнэтэйд тооцогддог Grass Fed махны талаар зоо техникч Н.Энхбаатарын ярилцлага танд олон мэдээлэл өгнө хэмээн найдаж байна.
- Монгол малын мах хамгийн амттай гэдэг. Бэлчээрээр малаа өсгөөд, махаа бэлдээд болоод байхад, заавал эрчимжсэн үхрийн ферм байгуулах нь дэмий хэрэг гэж үзэх хүмүүс байдаг. Тэр тухайд?
- Төдийгөөс өдий хүртэл бид уламжлалтаараа мал аж ахуйгаа авч явж ирсэн. Гэхдээ эрүүл мах идэх баталгаа хаана ч байхгүй болсон. Хэзээ, ямар заавраар, ямар хэмжээтэй вакцин хийсэн нь тодорхойгүй, малчин өөрөө мэдээд мал таргалуулдаг гэж хүнээс дам сонссон тариагаа, багцаалаад, нэмээд буруу газар хийж байгаа. Маханд буглачихсан тариа харагддаг шүү дээ. Тэгээд тариа биед нь шингээгүй байхад бохир орчинд нядлаад бидний гар дээр ирж байгаа нь нууц биш болсон. Иймээс л үхрийн эрчимжсэн аж ахуй зайлшгүй шаардлагатай байгаа хэрэг.
Монбийфийн бүтээгдэхүүний онцлог нь бэлчээрийн малын махны өвөрмөц амтыг хадгалдаг. Малчдын хотонд, малын бэлчээрээр бойжсон бага насны үхрийг худалдан авч, тэжээлийнх нь 70%-д байгалийн өвс, ургамлаар тэжээн, малын эмчийн хяналт дор тусгайлан гаргасан хоолны цэсээр, цагаар хооллож байна. 100 хоногийн хугацаанд хөдөө аж ахуйн кластер системийг бүрдүүлэн, малын тавлаг байдлыг хангаж, малын маханд зузаан хальс үүсгэхгүй, булчинг чангаруулж махыг хатууруулахгүй, тарилга, эм бэлдмэлийн хорыг биеэс нь арилгаж, хэрэглэгчдэд чанартай, аюулгүй хүнсийг хүргэхийг зорин ажиллаж байна.
- Цагаар хооллодог мал гэхээр жаахан төсөөлөгддөггүй. Та процессоо жаахан тайлбарлаж өгч болох уу?
- Энгийнээр тайлбарлавал мал өдөрт 5,6км газарт очиж ус уудаг. Очоод цэв хүйтэн, тархи хага ташсан ус уугаад, буцаад хашаа руугаа очих гэсээр байтал хамаг энергиэ зарцуулдаг. Өвс тэжээлийн хувьд ч, малчид өөрсдийн бэлдсэн өвс тэжээлийнхээ, хажуугаар бэлчээрт гаргахаар, мал маань цасаа туурайгаараа малтаж, жаахан өвс олж идэх жишээтэй. Тэгээд тэр хүйтэнд хамаг энергээ алдаад ирэхээр, намрынхаа тарга тэвээргийг буулгачихдаг гэсэн үг. За Монбийф дээр юу болж байгаа вэ гэхээр, манай үхрүүд өдөрт 3-5 удаа хооллодог, үндсэн өвсөн тэжээлийнх нь хажуугаар хоногийн тэжээлд витамин, хүчитгэсэн тэжээлийг нь тогтмол цагт өгч байна. Дүн өвлийн хүйтэнд ч, халаасан бүлээн усаар ундална, өдөр болгон хэвтрийг нь зориулалтын машинаар цэвэрлэж, хуурай байлгах үүднээс сүрэл дэвсэнэ, салхи бороо, цаснаас хамгаалж, нар руу харснаар хашаа хороогоо барьсан байгаа тул, мал даарахгүй, өлсөхгүй гэж ойлгож болно. Үхэр 5 алхаад л тэжээлээ идчихнэ, 5 алхаад л бүлээн усаа уучихна, тэжээлийг нь хэрчигч машинаар 5см, 10см урттай болгоод идэхэд хялбар болгосон ногоон тэжээл иднэ. Ингэснээр хоол боловсруулалт сайн явагдах, бүдүүн гэдсэнд очиж задрах процесст сайн нөлөө үзүүлдэг. Зуны нөхцөлд ус холиод, идэхэд илүү амар, чийглэг болгож өгч байх жишээтэй.