Исламын шашинтнуудын жил бүр хийдэг хамгийн том зан үйл болох хаж мөргөл Саудын Арабын Мекка хотод болж өндөрлөсөн. Мөргөлийн үеэр хэт халалтын улмаас 1000 гаруй хүн амиа алдсан байна.
Тус хотод сүүлийн өдрүүдэд агаарын температур цельсийн 50-аас дээш хэмд хүрч халаад байгаа юм.
Жил бүр болдог уг зан үйлд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрт байдаг исламын шашинтнууд бүртгүүлж, зорин очдог. Гэхдээ энэ жилийн мөргөлийн үеэр амиа алдсан хүмүүсийн тал гаруй хувь нь бүртгэлгүй оролцсон иргэд байжээ.
Тодруулбал амиа алдсан хүмүүсийн 658 нь Египет улсын иргэн байснаас 630 нь албан ёсоор бүртгүүлээгүй гэв. 10 орчим улсын 1081 хүн амиа алдсан болохыг тогтоосон байна.
Энэхүү мөргөл нь исламын шашин шүтдэг, мөнгө төлөөд оролцох боломжтой насанд хүрсэн бүх хүн амьдралдаа ядаж нэг удаа заавал оролцох ёстой том зан үйл гэдэг.
Бие махбод, сэтгэлзүйн хувьд тэвчээр шаардсан энэ зан үйлээр мөргөлчдийн гэм нүглийг ариусгаж, тэднийг бурхантай ойртуулдаг гэж үздэг.
Мөргөлд оролцож буй эрчүүд хоёр давхар цагаан хувцсыг зориулалтын дагуу өмсдөг. Харин эмэгтэйчүүд үндэсний хувцсаа өмсөөд, үсээ боох ёстой байдаг.